Sonntag, 11. Mai 2008

Mongol medee sonind o'gson yariltslaga, 2005

Жанцангийн Бат-Ирээдүй, хулгана жилтэй, загасны орд, хэлшинжлэлийн ухааны доктор, МУИС-ийн дэд профессор, Британий Номын Сангийн зөвлөх, АНУ-ын Хэлний Технологийн Институтийн зөвлөх.

Сур: Та Англид хийж байгаа судалгааны ажлынхаа тухай уншигчдад танилцуулахгүй юу?

Ж.Бат-Ирээдүй: Кембрижийн Их Сургуулийн Нийгмийн Антропологийн тэнхимийн “Төвд Монгол ховор ном, гар бичмэл, судар” хэмээх төслийн хүрээнд болох Их Британий номын санд хадгалагдаж байгаа монгол номын дижитал каталоги хийх ажлаар энд сууж байна. Энэ бол нэлээд томоохон эрдэм шинжилгээний ажлын дайтай юм даа. Энэ ажил олон жил яригдсаан. Англид томоохон хэмжээний албан айлчлал болоход англичууд тухайн орны ном, судар, номын соёлыг үзүүлдэг юм. Британий номын сангийнхан томоохон дарга, сайд ирэх бүрийд л танай номууд энд байгаа шүү, мөнгө олдвол каталогийг нь хиймээр байна гэдэг байлаа. Харин завшаанаар Кембрижийн их сургуулийн төсөл батлагдаж үүнд хамрагдлаа.

Хүн төрөлхтөн оюун ухаанаараа бүтээсэн бүхнээрээ ном судар бүтээж, номын сандаа хадгалж, түүнийг үе үеэрээ дамжуулан уншиж, сурч боловсордог жамтай.

Монголчууд хэдийгээр нүүдэлчин улс боловч дэлхийд гайхагдсан ном судар олныг бүтээж, түүнийгээ хэнээс ч дутахгүй хадгалж, уншиж ирсэн сайхан уламжлалтай, номын эрхэм соёлтой ард түмэн. Гэхдээ гээж осолдсон нь их л байх л даа.

Би өмнө нь ямар номын санд ийм лав орж нарийн ширийн зүйлтэй нь танилцаж байсан биш. Энд ажиллах завшаанаар харин нэлээд сонирхож үзэж байна. Номын санг үйлчилгээний хүрээ, зориулалтаар нь үндэсний, нийтийн, академик буюу их сургуулийн гэж гурав ангилдаг аж.

Орчин үеийн номын сангууд сая сая ном, уншигчын тоо, тоног төхөөрөмж, электрон цахим сүлжээний боломж, хэдэн сая мигабаттын дүрс, дууны бичлэгээрээ, хадгалж байгаа сая сая шуудангийн маркаараа, уран зургийн цуглуулга, фото зураг, гар бичмэл, газрын зураг, патентийн тоогоороо уралддаг юм байна.

АНУ-ын Конгрессийн, Английн Британий, Греекийн Үндэсний, Оросын улсын болон үндэсний, Хятадын үндэсний, Австралийн үндэсний, Канадын Үндэсний, Денмаркийн үндэсний номын сан зэрэг хүн төрөлхтөний оюун ухааны ховор нандин бүхнийг хуваагаад хураачихсан хэдхэн гол газар байдаг юм байнаа.

Сур: Британы номын сангийн тухай яриач?

Ж.Бат-Ирээдүй: Британы номын сан бол Европын төдийгүй дэлхийн томоохон номын сан. Сонин байж магадгүй хэдэн тоо баримт сонирхуулья. Энэ номын сан 1753 онд Британы Музейн нэг салбар болон байгуулагдсан бөгөөд дэлхийн 10 аас дээш сая номтой 8 номын сангийн аман хүзүүнд бичигддэг аж. Дэлхий дээр 30 саяас дээш номтой номын сан одоохондоо байхгүй байгаа юм байна. Энд дэлхийн гол гол хэлээрх 18 сая ном, 8 сая шуудангийн марк, дугтуй, манай эриний өмнөх 300 жилээс өнөөдрийг хүртэлх бүх сонин, эдгээр бүх сонины микрофиш (фотозураг), 310 мянган боть гар бичмэл, 59 сая патент, 4 сая газрын зураг, 260 мянган төрлийн сэтгүүл хадгалагдаж, ашиглагдаж байна. Шинэ ном материал авахад жилд 10 сая фунт стерлинг зарж 3 сая ном авч байгаагаас Азийн номд 130 мянган фунт стерлинг төсөвлөдөг ажээ.

Номын тавиарыг уртааш нь авч үзвэл 625 км хүрсэн бөгөөд өдөрт 44 метрээр, жил тутам 12 км-ээр уртасдаг гэнээ. 2004 онд 2 сая 500 мянган хүн веб сайтад нь хандсан нь урд жилийнхээс 36 хувиар ахисан аж. Цахим каталоги 30 сая болж, ажлын өдөр бүр 10 мянган шинэ эрдэм шинжилгээний үгүүлэл шинээр цахим аргаар (онлайн) хэрэглэх бололцоотой болдог аж. Британы номын сангийн номоос өдөрт 5 ном үзэхэд 80 мянган жил хэрэгтэй болох гэнэ.

Мэдээж ховор нандин зүйл зөндөө бий, тухайлбал дэлхийн анхны газрын зураг Магна карта, Леонардо да Винчийн тэмдэглэлийн дэвтэр, Таймс сонины 1788 оны 3 сарын 18 нд гарсан анхны дугаар, Бийтлзийн гар бичмэлүүд, Нелсон Манделагийн дуу хоолойн бичлэг зэрэг эхээрээ хадгалагдаж олон материал байна.

Дэлхийн бусад улсын номын сантай харьцуулбал 200 жилийн түүхтэй, 25 сая номтой АНУ-ын Вашингтон дахь Конгрессын номын сангийн дараа, 140 жилийн түүхтэй, 17 сая номтой Оросын Улсын номын сангийн өмнө орж , 13 сая номтой Францын Үндэсний номын сан, 11.8 сая номтой Оросны Үндэсний номын сан, Германы үндэсний номын сан, Канадын үндэсний номын сан удаалдаг ажээ. Азиас Японы Үндэсний номын сан 9.2 сая, Хятадын Үндэсний номын сан 9 сая номоороо дэлхийд эхний 10-д ордог аж. Эдгээр номын сангууд нь 800-4600 хүртэл ажилтантай бөгөөд жилийн төсөв нь 12-400 сая хүртэл ам. доллар байдаг аж.

Сур.: Манай үндэсний номын сан хэр номтой юм бэ ингэхэд?

Ж.Бат-Ирээдүй: Манай үндэсний номын сан 3 сая номтой гэдэг юм билээ. Үүний тал хувь нь монгол ном бөгөөд хамгийн их нь төвд ном 1 сая байдаг гэсэн. Бас ч муугүй тоо, учир нь дэлхийн ихэнхи үндэсний хэмжээний номын сангууд 2-4 сая номтой байх юм. Харин манай төсөв мэдээж бага байгаа.

Өнгөрсөн хавар манай ерөнхийлөгч бөлгөө Н.Багабанди “эрдэм ухаан, авьяас, хөдөлмөрөө шингээж туурвисан оюуны үнэт өв болох ном” –оосоо сайн санаагаараа үндэснийхээ номын санд хандивлаж байхыг уриалсан зарлиг гаргасан нь оройтсон болохоос үндэснийхээ номын санг номтой болгох гэсэн хүний бас нэг арга юм даа.

Үндэсний оюун ухааны сангаа цэнэглэж, номтой болгох нь нэг хэрэг боловч нөгөө талаас дэлхийн соёл, иргэншлийн томоохон төвүүд болох Лондон, Вашингтон, Египит, Москва, Чех, Токио, Вена, Парис, Бээжингийн номын санд монгол хүний хийж бүтээсэн бүхнээс илгээж тэнд хадгалагдаж байх ёстойг бас мартаж болохгүй юм. Мэдээж дэлхийн бүх номын санд хүргэж чаддаггүй юмаа гэхэд гол хэдэн газарт нь номоо хүргэж байгууштай юм хэмээн мунхаг би бодож байна.

Сур: Монгол ном хэр их тарсан юм бэ?

Ж.Бат-Ирээдүй: Дэлхийд алдартай эдгээр номын сангуудад дэлхийн 460-аад хэлээрх бүтээл хадгалагддаг бөгөөд монголчуудын хийж бүтээсэн ном судар энэ дунд бий. Ер нь Монголоос дэлхий даяар хамгийн их тарсан зүйлийн нэг бол монгол ном юм гэж хэлж болно. Учир нь дэлхийн томоохон номын сангуудын монгол номын каталогийг тухайн орных нь болон бусад орны эрдэмтэд аль хэдийн хийж гаргасан байдлаас ийн хэлэх бүрэн үндэстэй юм. Тухайлбал Германы Дрезден, Лайпциг, Тюбэнгэн, Марбург, Берлин, Штуттгартын номын сан, Токио, Сийтлийн номын сан, Шведийн Угсаатны музей, Вашингтоны монгол номын каталоги, Калифорны Беркелэгийн Их Сургуулийн Монгол номын каталоги, Чикагогийн каталоги, Ослогийн Их Сургуулийн Номын сангийн монгол номын каталоги, Бельгийн монгол номын каталоги, Денмаркийн Копенгагны Хааны номын сангийн монгол номын каталоги, Унгарын ШУА-ийн номын сангийн монгол номын бүртгэл, Ирландын Честер Бийтийн номын сангийн монгол номын каталоги, Праг, Орос дахь монгол номын каталоги аль хэдийн хэвлэгдэж монголч эрдэмтдийн хүртээл болжээ.

Эдгээр номын каталогоос үзвэл монголчуудын бүтээсэн ном таван тив дөрвөн далайг гатлан тарсан бөгөөд, монголчууд оюун ухааны ямар арвин бүтээлтэй, ном бүтээх нандин уламжлал, туршлагатай болохыг харж болно. Нөгөө талаас ойрын жилүүдэд интернетээр монголын хэдэн номыг гадныханд зараад дуусч байгаа юм байна. Саяхан би Английн нэг ховор ном цуглуулдаг хүнтэй уулзлаа. Интернетээр авсан гээд баахан монгол ном барьчихсан энэ юуны тухай ном байна гээд явж байхын. Монголын соёлын нандин өв монгол ном хамгаалах цаг болсон байна.

Сур.: Британы номын сан дахь монгол номын каталогийг өмнө хийгээгүй байсан юм уу?

Ж.Бат-Ирээдүй: Харин яагаад ч юм Британы номын сангийн монгол номын каталогийг өдий хүртэл хэн ч хийгээгүй нь сонин юм. 1954 онд Германы монголч эрдэмтэн В.Хайссиг (сая 9 дүгээр сарын 5 нд таалал боллоо) нэг удаа сууж ажиллаж байгаад цөөхөн сударын товч каталоги гар бичмэлийн эрхтэй хийгээд буцсан байна. Харин дэлхийн монголч эрдэмтэд ирж номуудыг нь үзэж, судалж байсан нь тэдний үлдээсэн зарим гар ноорог, зурвасаас ил байна. Японы монголч эрдэмтэн Шири Хаттори нар ирж сууж, үзэж судалж зарим гар бичмэлийн дунд нь дутуу хөтүү хуудас байгааг тэмдэглэж байжээ. Бусад монгол ном хадгалагдаж байдаг бүх л номын сангийн каталогийг нээрээ хийсэн шүү.

Сур.: Ер нь ямархуу номууд байна? Голдуу ямар чиглэлийн ном байх юм? Яаж энд ирдэг байна?

Ж.Бат-Ирээдүй: Энд монгол хэлээрх нэлээд гар бичмэл, ном судар хадгалагдаж байгаагаас “Арван түмэн шүлэгт ном”, “Бодь мөрийн зэрэг”, “Ламрин ченбо”, “Сонсоод ихэд тонилгогч нэрт хөлгөн судар”, “Чухал хэрэглэгч төгс утгын шастир оршивой”, “Хутагт ихэд тонилгогч зүгүүдээр дэлгэрсэн гашуудан гэмшихээр хилэнцийг арилгаад, бурхан болгон бүтээх тийн бөгөөд зохиосон нэрт их хөлгөн судар” зэрэг буддийн шашны ном, “Авах гээхийг ялгасан судар”, “Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж”, “Бигармижид хааны тууж“, “Цагаан өвгөн нэрт судар” “Гал тахих судар”, “Дууны аймаг”, “Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгний толь” зэрэг хэл, утга зохиол, соёл, түүх, шашин, эмнэлгийн сонин содон ном олон байгааг орчин үеийн ном хадгалах стандартын дагуу дээд зэргээр нандигнан хадгалж уншигч мэргэн түмэнд толилуулж байнаа. Маний хувьд өнөөдрийг хүртэл үзсэн нь ийм боловч цаашид ямар ховор нандин ном бүтээл гарахыг хэлж үл мэднэ.

Эдгээр ном судар ихэнх нь англиас монголд очиж байсан жуулчин, аялагч, шашны номлогч нарын гараар дамжиж орж ирсэн нь тэдний бичиж үлдээсэн тайлбар сэлтээс тодорхой байх бөгөөд хэзээ, хаанаас, хэнээс авсан, хэдэн он хүртэл хаана хадгалж байсан зэргээ тов тодорхой бичээд номын хамт номын санд өгсөн нь тодорхой байна.

Сур.: Монгол бичгээс гадна кирил үсэг, англи хэлээрх монгол ном хэр байдаг юм бэ дээ?

Ж.Бат-Ирээдүй: Зуу зуун жилийн өмнөх хуучины ном судар нэлээд байхын зэрэгцээ социализмын үед манай улсын номын сантай сайн харилцаа холбоотой байж тухайн үед хэвлэгдсэн номын ихэнхийг авдаг байсан нь эндэхийн каталогоос ил байна. Харин 1990 ээд оноос хойш тус номын сантай харилцаа холбоо үгүй болж тогтмол хэвлэл болон ном, судрын солилцоо байхгүй болж, тасарсан байна. Энэ нь нэг талаас мөнгө зоостой холбоотой байж болох ч ерөөсөө номын сангийн бодлого алдарсантай холбоотой гэж үзэх нь үнэнд илүү нийцнэ. Хувь хүмүүсийн өгсөн болон барууны орнуудад хэвлэгдсэн гагц нэг номыг эс тооцвол сүүлийн 15 жилд энд монгол номын сураг тасарсан байна гэж үзэж болохоор байна. Эдний албаны хүмүүсийн ярих нь бид ядаж англи хэлээр гардаг өдөр тутмын сонин авах гэж үзсэн гэвч холбоо харилцаа тогтоох боломж гараагүй гэж ярьж байна. Нээрээ ядаж англи хэлээр гардаг цөөхөн сонины бүтэн дугаар ч энд алга. Энэ харамсалтай байдал бусад томоохон номын санд ч адилхан байгаа нь ойлгомжтой.

Сур.: Таны бодлоор бол үүнийг яаж зохион байгуулах нь ашигтай вэ?

Ж.Бат-Ирээдүй: Бүхэл бүтэн 15 жил гэдэг хэдий ядуу буурай боловч оюуны ухааны ертөнцөд чамлахааргүй юм хийж бүтээсэн он жилүүд байсан, гагцхүү тэр ном бүтээл энд ирээгүй л байна.

Нэгэнт номын сангуудын хооронд болон бусад байгууллага, компаний хооронд харилцан мэдээлэл, албан ёсны солилцоо ч юм уу, худалдааны шугам байхгүй тул эднийх төсөвт мөнгө тусгадаггүй юм байна. Монголоос найдвартай холбоо тогтоох байгууллага байвал Монголд гарч байгаа ном хэвлэлийг, шууд худалдан авах хамгийн зөв зам гэж эд үзэж байна. Өөрөөр хэлбэл номын солилцооноос илүү зах зээлийн жам ёсны дагуу худалдааны аргаар харилцаа хөгжүүлэхэд бэлэн байгаа юм байна. Тэр нь мануусд ашигтай биз дээ.

Монгол хэлээр уншдаг хүн байх биш энүүгээр яахав гэж соёлтой хүмүүс хэзээ ч үзэхгүй, хүн төрөлхтөний соёлыг хүндэтгэж сурсан ард түмэн гэдэг агуу байдаг. Англичууд гадаад улс үндэстний түүх, соёл, иргэншлийг дээдлэн бишрэн хүндэлж, хадгалан хамгаалж ирсэн сайхан уламжлалтай улсаа. Ном ямар хэлээр байхдаа сонин биш дотор нь юу байгаадаа хамгийн сонин байдгийн утга учир энд оршино. Монголыг судалдаг, сурдаг хэсэг хүн байгааг бас мартаж болохгүй ээ.

Сур.: Бид чинь нээрээ дотроо эргэлдээд байхаас өөр зам хайдаггүй улс шүү?

Ж.Бат-Ирээдүй: Чи бид хоёр мэднэ шүү дээ, бид чинь ганц хоёр номоо хэдхэн хувь хэвлүүлчихээд борлуулах гэж яаж үйлээ үздэг билээ. Гэхдээ Монголд нэг үеэ бодвол ном хэвлэл, худалдааны зах зээл харьцангуй сайн хөгжиж эхлэж байгаа гэж хэлж болно. Дан номын бизнесээр хөл дээрээ босож, зах зээлд замаа олсон компани, хувь хүн би олныг мэднэ. Гагцхүү жижигхэн зах зээлтэй манайх шиг оронд 500-1000 ном арайхийж зарагдана. Энд тэндэхийн номын санд тав арваар нь шахах гэж үйлээ үздэг. Монголын зах зээл угаасаа жижиг зах зээл, дээр нь ном авдаг нь хэд билээл? Ингэж жижиг зах зээлээ мэрж байхын оронд гадагшаа харж, гадаад талруугаа борлуулах аргаа хайвал бидэнд их боломж байгааг ашиглах цаг болсон байна. Хамгийн их тоогоор хэвлэдэг гэх сурагчийн сурах бичгээ хэвлэх гэж алаан болдог улс тэрнээс хэдэн хувь илүү хийж болох дэлхийн зах зээл рүү хандах үе аль хэдийн өнгөрсөн байна. Манай зохиогч, бичигч, уран бүтээлч нар ч энэ талаар санаачлага гаргах цаг нь болжээ.

Монгол хүний гараар бүтсэн өмд цамц, хувцас хунар баруунд гаргаж зарах борлуулах тухай ярих, сэтгэхийн хажуугаар монгол хүний оюун ухаанаар бүтсэн бүтээл, ном судрыг дэлхийн болон барууны зах зээлд гаргах борлуулах тухай анхаарах нь зүйтэй болов уу? Ухаантай улс гэхдээ мэдэж байгаа биз дээ.

Сур.: Монголын судлал гэснээс Английн монгол судлалын тухай яриач?

Ж.Бат-Ирээдүй: Английн Монгол судлал бол Европдоо хуучныхад орно. Орчин цагийн судалгаа, шинжилгээ, сургалтын гол төв бол Кембриж, Лийдс, Лондон гэсэн гурван газар төвлөрч байна. Судлаачид голдуу Монголын нийгэм, улс төрийн талаар судалгаа хийж байна. Их сургуулийн анхан шатны судлал буюу баклавар бол Лийдсийн Их Сургуульд байна. Лондонд бол орчин улс төр, нийгмийн чиглэлийн судалгаа хүчтэй, үүнээгээ ч засгийн газар, бусад төрийн байгууллагууд сайн ашигладаг юм шиг байна. Кембрижид бол ахисан төвшиний сургалт буюу postgraduate чиглэл илүү байна гэж хэлж болно. Кембрижийн их сургуулийн дэргэд Төв ази, монгол судлалын төв ажиллаж байгаа. Үүнийг жинхэнэ английн эрдэмтэд удирдаж байна., энэ хүмүүсийг ойлгож, дэмжиж ажиллах л хамгийн чухал юм. Ардчилсан Монголын улс төрийн үг хэллэг, Өвөр Монголын түүхэн дурсгалт газрууд, Төвд Монгол ховор ном, Төвд, Химилайн уламжлал ба орчин үе, Данзан Равжаагийн судалгаа зэрэг эрдэм шинжилгээний нэлээд хэдэн томоохон төслүүд хэрэгжиж байна Үүнд хэд хэдэн Монголын эрдэмтэд оролцож байгаа.

Ер нь улс төр, эдийн засгийн сонирхол бий болоогүй байхад бусад нь олигтой бий болдоггүй юм байна гэдгийг судлаачид хэлдэг л дээ. Английн хувьд Монгол яг л тийм юм. Ийм нөхцөлд гал алдчихгүйгээр хамгаалж, залгуулж байгаа эрдэмтдийг ойлгож дэмжиж ажиллах ёстой юм. 90 ээд оноос өмнө бол өөр утга зорилготой байсан байна, гол учир нь социалист хаалттай орон байсанд оршино. Гадаад хэргийн сайд Мөнх-Оргил сайд болсоныхоо дараа гадаад дахь Монгол судлалаа анхаарна гэсэн сайхан санаа хэлж байсан энэ чиглэлээр ажил хийвэл их үр дүнтэй, Монголд хэрэгтэй гэж би боддог. Одоо дэлхий дээр төвд судлал шиг хүчээ авч байгаа юм алга, Далай ламын нэрээр дэлхийн бараг бүх гайгүй гэсэн их сургууль, эрдэм шинжилгээний төвүүдэд төвд судлалын төв байгуулагдчихлаа. Монголын судлалын хөгжүүлэхийн төлөө ярьдаг хүн маш цөөн байна.

Сур.: Англичууд Монголын талаар ямар бодолтой байна вэ?

Ж.Бат-Ирээдүй: Мэдээлэл тун бага, тул мэдлэг маш хомс байгаа юм. Монголын тухай бага мэддэг энэ хүмүүсийн буруу биш юм. Харин сүүлийн жилүүдэд Английн томоохон телевизийн компани, нөлөө бүхий сонинууд монголын тухай мэдээлэл их цацсанаар Монголыг сонирхох хүмүүс, жуулчидын тоо хэд дахин ихэссэн. Цаашидаа энэ сайн үр дүн өгөх байх, энэ жил гэхэд Монгол руу жуулчлалаар аяласан хүмүүсийн тоо хэдэн арав дахин нэмэгдсэн гэж монголын консул ярьж байсан. Орчин үед мэдээллийн хэрэгслийн давуу талыг ашиглаж, богино хугацаанд нэг зэрэг маш олон хүнд сайн мэдээ тараах боломжийг ашиглмаар санагддаг юм. Тухайлбал, дэдхийн томоохон телевизийн сувгаар Монголын тухай реклам цацахад л дороо л ойлгоно шүү дээ. Одоо тусгаар тогтносон Монгол улс гэдгийг сайн сурталчламаар байна. Хятадын юм уу, Оросын хэсэг гэж боддог хүн маш их байна. Энэ ойлголт маш муу үр дагавартай юм шиг санагддаг юм надад.

Сур: Өөрөө АНУ-ын Хэлний технологийн Институтийн зөвлөхөөр ажилдаг юм байна, энэ талаараа?

Ж.Бат-Ирээдүй: Макнайл техноложи гэж Америкийн нэлээд том компани бий. Эднийхэлний шинжлэлийн чиглэлээр ажилладаг томоохон институттэй юм. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагад үйлчлэдэг судалгааны төв гэсэн үг л дээ. 150 хэлний бичгийн болон ярианы орчуулга, дадлага, судалгаа, хэвлэл, дотоод гадаад хэргийн үйл ажиллагаанд үйлчилдэг юм. Дэлхийн хамгийн цөөн хүн ярьдаг Дари, Пашто, Урду, Сомали зэрэг хэл багтдаг. Монгол хэлний хувьд дөнгөж эхний судалгаа хийж байгаа, америк хүмүүсийн монгол хэлний мэдлэг шалгах тест боловсруулах, гадаад хүний монгол хэлний шалгалтын тест боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа юм. Үүнд би зөвлөгөө өгдөг юм. Манайх шиг өөрийнхөө заасныг өөрөө шалгадаггүй шүү дээ, тийм учраас хөндлөнгийн байгууллага тестээ боловсруулж шалгалтаа авдаг журмаар явдаг.

Сур.: Таны судалгааны ажил юу байна? Ямар бүтээл туурвиж байна?

Ж.Бат-Ирээдүй: За одоогоор айхтар хийж гийгүүлсэн юм алга, гэхдээ зүгээр суухгүй байна. “Монгол хэлний ойролцоо, эсрэг утгат үг хэллэгийн толь бичиг” хийж саяхан дууслаа. Олон жил хийсэн юмаа, анх 1991 онд Лондонд эхлэж байсан 14 жилийн дараа энэ газраа дуусах учиртай байсан юм байлгүй дээ. Олон жил олон тийш нь карт зөөсөн, ёстой холын хүнд хоёр чих ч хүнд гэдэг шиг ачаа бараа дандаа л ном сонин, цаас явдаг байлаа. Алс нь нэг эх хэлний тайлбар толь гаргах санаатай нухаж байна. Харин сая манай шинэ ерөнхийлөгч “эх хэлний тайлбар толь” гаргах зарлиг буулгасаныг би олж үзээд маш их баярласан. Ухаантай байна гэж урам хайрламаар санагдсан. Уг нь энэ зарлиг морин хуур, монголын нууц товчоог залах зарлигаас өмнө гарах ёстой байсан юм даа. Монголд хэрэгтэй юмаа эхлэж хийдэггүй хэн илүү лоббидсон нь түрүүлдэг нэг муухай юм байна. Энэ муухай юм төрийн бодлогод нөлөөлөхөөрөө л “толгойгүй монгол” болж байна гэж би боддог. Монгол хэл бол тусгаар тогтнолын нэг баталгаа яах аргагүй мөн биз дээ. Аль эсвэл морин хуур, нууц товчоо юм уу?

Сур.: Хамгийн сүүлд уншигч түмэнд юу хэлэхсэн бол?

Ж.Бат-Ирээдүй: Уншигч нийт олон гэхээсээ өмнө бүх төрлийн ном зохиогч, бичигч, номын мэргэн нөхдөд сануулахад таны ном зөвхөн Монголдоо биш хүн төрөлхтөний оюун ухааны өв соёлыг хадгалдаг газар хүрч, уншигч түмний хүртээл болж, цаашлаад үеийн үед хадгалагдаж байх ёстой шүү гэдгийн хэлмээр байнаа. Энэ бол гагц энэ Их Британы номын санд биш дэлхийн томоохон номын сангуудад номоо илгээх арга зам хайх тухай санаа юм шүү. Ном бол үеийн үед мөнхрөх, хүнийг гэгээрүүлэх ариун утга чанартай, хүний оюун ухааны бүтээл билээ. Таны ном энд байвал найдвартай хамгаалагдаж, үеийн үед уншигдах болно. Дэлхийн томоохон номын сангууд бол номыг хэлээр нь ялгадаггүй юм.

Ярилцсан З.Ганболд, Лондон хот, Кензинтон Роуд

Keine Kommentare: