Samstag, 3. Mai 2008

ЛОНДОН - ГУРВАН ЦАГИЙН УУЛЗВАР/ОРЧИЛ,

Лхагва, 04/19/2006 - 18:27

Данзанбалжирын Энхжаргал (london@mongolbank.org), Лондон хот дахь Монгол банкны суурин төлөөлөгч, Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны санхүүгийн зөвлөх ажилтай.

1986 онд ОХУ-ын Эрхүүгийн Эдийн Засгийн Академийг банкны эдийн засагч мэргэжлээр баклавар, 1999 онд АНУ-ын Вандербилдийн Их Сургуулийг Эдийн Засгийн Хөгжлийн онолоор Магистрын зэрэгтэй төгссөн.

Монгол Улсын Банкны системд 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн салбараас ажлын гараагаа эхэлж, Монгол банкны мөнгөний бодлогын эдийн засагч, газрын дарга хүртэлх алба хашсан эмэгтэй юм. Дэлхийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Монгол улсын төдийгүй Олон улсын банк санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан.

Тэрбээр 1995-1997, 1999-2001 онд Монгол банкны Хяналт Шалгалтын газрын захирал, 2001-2002 онд Монгол банкны Ерөнхий эдийн засагч, Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж 2002 оноос Монгол банкны Лондон дахь анхны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Д.Энхжаргал ярилцлагынхаа явцад Лондон бол гурван цагийн уулзвар гэж хэлсэн юм. Нээрээ л олон улсын банк санхүү гэдэг дэлхийн гурван өөр цагийн орчилд оршдог бизнес аж.


- Монгол банк гадаадад зөвхөн Лондонд өөрийн албан ёсны төлөөлөгчтэй юм. Заавал Лондонд байдгийн нарийн учир юу бол?


- Лондон бол дэлхийн банк, санхүүгийн зах зээлийн гол зүрх, олон улсын валютын гүйлгээний гол төв. Дэлхийд нэртэй банк санхүүгийн 500 байгууллага Лондонд салбар банкаа ажиллуулдаг. Эдгээр банкуудаар дамжин өдөрт 504 тэрбум фүнт стерлингийн арилжаа хийгддэг. Монгол улсын валютын нөөцийг Монголбанк удирдан зохицуулдаг байгууллага учраас дэлхийн банк, санхүүгийн гол төвийн сүлжээнд ойрхон байх нь чухал ач холбогдолтой. Лондонд салбар, төллөлөгчийн газаргүй азийн төв банкууд гэж бараг байхгүй. Учир нь дэлхийн гурван цагийн зөрөөнд хамгийн тохиромжтой цэг бол Лондон байдаг. Иймээс Лондонг гурван цагийн уулзвар гэж болох юм. Энэ бол Лондоны маш тааламжтай давуу тал. Жишээ нь Лондонд өглөө болж ажил бизнес эхлэхэд Азид санхүүгийн захын ажлын цаг дуусч, Америкад 5 цагийн дараа өглөө болж санхүүгийн захууд нээгддэг. Єөрөөр хэлбэл Лондон Ази Америкийг холбосон санхүүгийн гол зуучлагч болдог. Ийм учраас салбараа байгуулж үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй. Єөр нэг хүчин зүйл бол банк санхүүгийн хамгийн тогтвортой орчин бүрдүүлдэгээрээ бусад улсаас ялгаатай. Монгол улс зах зээлийн нээлттэй бодлогыг хэрэгжүүлж байгаа өнөө үед олон улсын зах зээлд нэгдэн ажиллах нь Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэхэд чухал алхам болох ач холбогдолтой гэж Монголбанкны Ерөнхийлөгч О. Чулуунбат үзэн Лондонд төлөөлөгчийн газар нээн ажиллуулах шийдвэрийг анх санаачлан шийдвэрлэсэн юм.

Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч ямар үйл ажиллагаа явуулдаг нь нийтэд сонин болов уу?


Д.Энхжаргал: - Үндсэн гурван үйл ажиллагаанд голлон анхаарч байгаа. Үүнд Монгол Улсын валютын нөөцийг өсгөн нэмэгдүүлэх зорилгоор олон улсын болон гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгийн болон мөнгөний зах зээл, шинэ бүтээгдэхүүний судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, Монгол Улсынхаа эдийн засаг банк санхүүгийн үйл ажиллагааг сурталчлах, бизнес харилцааг хөгжүүлэхэд туслах үндсэн үүрэгтэй ажиллаж байна. Энэ хүрээнд бусад бүх үйл ажиллагаа чиглэгддэг гэж ойлгож болно. Монгол Улсын хөрөнгө оруулалтын зэрэглэлийг нэмэгдүүлэх, дэлхийн санхүүгийн зах зээлд Монголын улсын үнэт цаасыг гаргах, санхүүгийн хямд эх үүсвэр олох, эдийн засгийн дэмжлэг олох талаар хийж байгаа ажил нэлээд бий.

Тухайлбал хамгийн ойрын жишээ гэхэд сая Лондон Ситигийн амбан захирагч Дэвид Брьюверийг Монголд айлчлах үеэр бид "Монгол Улс ба Олон Улсын санхүүгийн төв" сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр Монгол улсын эдийн засаг, санхүүгийн салбарын нөөц боломж, түүнийг олон улсын санхүүгийн төв болгон хөгжүүлэхэд Лондон Сититэй хамтран ажиллах ирээдүйн боломжийн талаар ярилцлаа.

Бас нэлээд анхаарч байгаа нэг асуудал бол дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагуудад Монголын банк, санхүүгийн гол гол байгууллагын удирдлага, ажилтан нарыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах ажил байдаг юм. Энэ бол манайд маш чухал асуудал. Тухайлбал Англи, Люксембург, Герман, Итали, Бельгийн Төв банкууд, Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтран Монголын банк санхүүгийн ажилтнуудад зориулан олон төрлийн сургалтыг гадаад дотоодод зохион байгуулж, сургалтад нийтдээ 300-аад хүнийг хамруулаад байна.

- Монгол банк олон улсын сүлжээнд хэрхэн хамрагддаг вэ?


-Олон улсын санхүүгийн төвүүдтэй Блүүмбэрг, Ройтерс-ийн сүлжээгээр холбогдож, гадаад валютын арилжаа хийдэг.

- Бусад арилжааны банкуудаас гадаадад тэр тусмаа Англид төлөөлөгч байна уу?


- Голомт банк санхүүгийн зөвлөгөө өгдөг фирмэд ажилтай Жереми Дэнтон-Кларк гэдэг хүнийг Лондонгийн төлөөлөгчөөр ажиллуулж байгаа.

- Гадаад гэснээс Монголын арилжааны банкууд гадаадад өөрийн бие даасан салбараа нээх болоогүй юу?


- Арилжааны хэд хэдэн банк Солонгост банкны нэлээд олон төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа. Монголын банкууд Лондоны гол гол банкуудад данс нээн, гадаад төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогоор бие даасан салбар, нэгж нээгээгүй байна. Энэ талаар судлагаа хийж байгаа. Жишээ нь би Англид амьдарч байгаа монголчуудынхаа дунд ар гэр аав, ээж, үр хүүхэддээ илгээж байгаа мөнгөний талаар судалгаа явуулсан. Энд алба, амь, сургууль соёл, ажил төрлөөр оршин сууж байгаа Монголчуудын тоог барагцаагаар 5000 гэж тооцоход ажил хийж байгаа 4500 хүн жилд дунджаар 56,2 сая фүнт стерлинг буюу 135 тэрбум төгрөгийн орлого олж үүнээс 16.8 тэрбум төгрөгтэй тэнцэх валют нутаг руугаа явуулж, Монгол Улсынхаа эдийн засагт хувь нэмэр болж байна гэж тооцож болох юм билээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 15% нь орон сууц авахад, 8% нь хадгаламжаа өсгөхөд, 7% нь хөрөнгө оруулалтад зориулдаг гэж хариулсан байсан.

- Ер нь бол гаднаас орж байгаа мөнгөний дүн лав 2004 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 12.8%-тай тэнцэж байсан гэсэн тоо байдаг юм билээ, одоо улам нэмэгдэж байгаа байх. Хадгаламж гэснээс хадгаламжийн хүү өсөж, зээлийн хүү буурч байгаа юу? Үүнийг яаж зохицуулдаг юм бэ?


- Сүүлийн жилүүдэд зээл, хадгаламжийн хүү эрчимтэй буурч байгаа. Хугацаатай төгрөгийн хадгаламж дунджаар 18 хувь, валютынх 2-12 хувьтай байгаа. Зээлийн дундаж хүү төгрөгийнх 29,5, валютынх 17,8 хувьтай байна. Зээлийн эрэлт их, хадгаламжийн хүү өндөр байгаагаас зээлийн хүү дорвитой буурч чадахгүй л байна. Тийм учраас зээлийн хямд эх үүсвэрийг олж нэмэгдүүлэх ялангуяа гадаадаас хямд эх үүсвэр олох эрэл хайгуул байнга хийгдэж байна. Банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, гадаад хөрөнгө оруулалтыг урамшуулах бодлого явуулж байгаа нь зээлийн хүүг бууруулахад чухал алхам болж байна. Сүүлийн 4 жилд банкуудын дүрмийн санг 4 дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Дотоодын эдийн засаг тогтвортой байвал гаднаас орох мөнгө нэмэгдэх хэрээр зээлийн хүү буурах ёстой.

- Монголчууд Англид банкны данс нээлгэх хэцүү байна гэдэг, энэ талаар монголчуудад хэрхэн зөвлөх вэ?


- Терроризм, мөнгө угаах үйл ажиллагаатай холбогдуулан банкны данс нээх үйл ажиллагаанд хатуу журам тогтоосон байгаа. Данс нээхэд юуны түрүүн тухайн хүний хаягийн бүртгэлийг нотолж чадах 2 баримтыг шаарддаг. Дансаар хийгдэж байгаа орлогын эх сурвалж гэмт хэргийн шинжгүй бол банкны бүхий л төрлийн үйлчилгээг авахад хүндрэл гарах ёсгүй.

- Нэг үеэ бодвол Монголын арилжааны банкууд орчин үеийн банкны системийн хөгжилтэй уялдуулан, дэлхий даяар хэрэглэдэг VISA, MASTER картуудыг нийтээр эзэмшиж эхлээд байгаа. Харин ихэнхи нь мөнгөө өөрсдөө хийдэг хэлбэрээр гаргаж байна, энэ ямар учиртай юм бэ? Зарим томоохон байгууллага ажилчдын цалингаа карт руу шилжүүлж хийдэг болсон байна.


- Монголд visa, master карт хэрэглэх боломж бүрэн нээгдсэн. Гэхдээ карт хэрэглэгчдийн зээлийн түүх хангалтгүй, зээлийн картын баталгаа байхгүй тохиолдолд зээлийн эрх нээхгүй байх тохиолдол байгаа. Үнэхээр найдвартай байнгын харилцагч нарт барууны банкууд шиг тодорхой лимит тогтоон өгч ажиллаж байгаа. Гадаад орнууд шиг шуудангийн хаягаар банкны дансны хуулга мэдээлэл явуулах боломж бүрдээгүй байгааг өөрчлөх цаг болсон.

- Монголчууд нэг үеэ бодвол эдийн засгийн хувьд янз бүрийн аргаар өсч өндийж байна. Засаг төрөө муу хэлэн хэлэн амь амьдрал нь дээшилж байгаа гэж би боддог. Монголчуудын хамгийн том нэг асуудал бол орон сууцны хэрэгцээ юм. Үүнд барууны оронд хөгжсөн Моргэж буюу орон сууцны зээлийн банкны туршлагыг Монголд хэрхэн нэвтрүүлэх талаар юм бодож байна уу?


- Моргэжийн зах зээлийг Монголд хөгжүүлэх чиглэлд нэлээд анхааарч ажиллаж байна. Европын орнуудын хууль тогтоомж, орон сууцны байрны зээлийн туршлагаас судлан энэ талаар маш их мэдээлэл цуглуулсныг Монголд байгуулагдсан моргэжийг хөгжүүлэх ажлын хэсэгт хүргүүлнээс гадна ажлын хэсгийн гишүүдийг гадаадад туршлага судлуулах, гадаадын мэргэжилтнээр Монголд сургалт зөвлөлгөө өгүүлэх ажлыг хийгээд байна. Єнгөрсөн онд ипотекийн ( моргэж) хууль гарч орон сууцны зээлийг олгох эрх зүйн таатай орчин бүрдсэн. Орон сууцны зээлийн хүү харьцангуй өндөр байгааг бууруулах, хугацаа богино байгааг уртасгах зорилгоор моргэжийн мэргэшсэн байгууллагыг бий болгох, моргэжийн эх үүсвэрийг бүрдүүлэх Засгийн газрын үнэт цаасыг дотоод гадаадын зах зээлд гаргах боломж нөхцөлийг бид судалж байна.

- Намайг 1991 онд анх Англид ирж байх тэр үед Монгол банкны дилерүүд алдаа хийж Английн банкинд байршуулсан алтаа алдаж, алт дилерийн хэрэг гэж алдартай юм анх дуулдаж байж билээ. Ер нь дилер гэдэг юм одоо ч гэсэн хийж л байгаа биз дээ.


- Гадаад валютын арилжаа гүйлгээ эрхэлж байсан ажилтнуудыг тухайн үед дилер гэж нэрлэдэг байсан. Одоо хөрөнгө оруулалтын ажилтан гэж нэрлэж байгаа. Аливаа валютын арилжаа нь тодорхой эрсдэлүүдийг агуулж байдаг. Иймд тухайн эрсдэлийг хянах үүднээс хөрөнгө оруулалтын ажилтнуудын үйл ажиллагаанд хүлээж болох алдагдлын дээд лимит хязгаарлалтыг тогтоон мөрдүүлэхээс гадна эрсдэлийг бууруулах санхүүгийн хэрэгслүүд хэджинг ашиглаж байна. Мөн давхар хяналтын шинэ аргуудыг ч нэвтрүүлсэн байгаа. Үүний үр дүнд гадаад валютын цэвэр албан нөөц 291,2 сая ам долларт хvрсэн.

- Монгол банкнаас иргэд мөнгөө хадгалуулах хамгийн найдвартай банк нь тэр гэж зааж болдоггүй юм уу?


Д.Энхжаргал: Одоо Монгол улсад арилжааны 18 банк үйл ажиллагаа явуулж байгаа. Банкны тухай хуулиар арилжааны банкууд санхүүгийн тайлан, үр дүнг олон нийтийн өдөр тутмын хэвлэлээр нийтэд зарладаг. Уг мэдээлэлд үндэслэн харилцагч өөрөө сонголтоо хийх ёстой. Банкуудыг үнэлж, цэгнэдэг хөндлөнгийн үнэлгээний бие даасан байгууллага Монголд одоохондоо гараагүй байна.

- Би нэг жижигхэн юм анзаарсан юмаа, Монголд банкинд мөнгө тушаах, банкинаас мөнгө авах, шилжүүлэхэд бичдэг цаасыг нэг ширхэгийг нь 10 төгрөгөөр хэвлүүлдэг юм билээ. Түүнийг ихэнхи банк 100 төгрөгөөр иргэдэд "дамладаг". Харин энд бол тэр цаас үнэгүй байгаа. Энэ жижигхэн юм шиг боловч маш их мөнгө.


- Үүнийг барууны банкууд үйлчилгээний шимтгэл зардалдаа шингээсэн байдаг. Мөн он-лайн банкны үйлчилгээ ихээхэн хөгжиж байгаа болохоор энэ төрлийн зардлын хэмжээ харьцангуй бага байдаг. Монголд социализмын үед эдгээр маягтыг үнэгүй олноор тавьж хэрэглүүлдэг байсан. Гэтэл зах зээлийн үед эдгээр маягтыг ил тавихад бөөнөөр нь аваад явах ч юм уу, хайр найргүй үрэх, буруу бичих гэх мэт зүйл харьцангуй их болсноос банкууд төлбөртэй болгосон. Яваандаа манай хэрэглээнд өөрчлөлт гарч барууны хэмжээнд удахгүй хүрнэ гэж найдаж байна.

- ЭСЯ-ны санхүүгийн зөвлөх гэдэг ажлыг давхар хашдаг юм байна. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?


- Бусад орнуудын туршлагаас үзэхэд төв банкны гадаад дахь төлөөлөгч нь тухайн орон дахь ЭСЯ-ндаа санхүүгийн зөвлөх хийдэг юм байна. Энэ жишигийн дагуу би ЭСЯ-ны санхүүгийн зөвлөхөөр ажилладаг юм. Гэхдээ ЭСЯ-наас цалин хөлс авдаггүй. Банк санхүүгийн чиглэлийн асуудлыг хариуцан ажилладаг.

- Миний ойлгосоноор аливаа хоёр улсын хооронд эдийн засгийн болон улс төрийн ашиг сонирхол нэгдвэл бусад харилцаа үүн дээр ёстой цэцэглэн хөгждөг юм шиг байгаа юм. Англи улсын хувьд Монгол руу эдийн засгийн болон улс төрийн ашиг сонирхол хэр байдаг гэж та үздэг вэ?


- Хоёр хөршийн эдийн засгийн хурдтай хөгжил, манай улсын газар зүйн ашигтай байршил, байгалийн их баялаг, гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулан бий болгосон тааламжтай орчин Англи улс, түүний хөрөнгө оруулагч, бизнесийн сонирхлыг ихээхэн татаж байна.

Ярилцсан Ж.Бат-Ирээдүй. Их Британий Монголчуудын -Монгол Мэдээ- сониноос

Keine Kommentare: